Tuesday, May 17, 2011

1 àíãè íýãæ õè÷ýýë òºëºâëºëò

МОНГОЛ ХЭЛ

1. НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ
Нэгдүгээр ангийн сурагчид монгол хэлний хичээлийг “Бэлтгэл” хичээлийн дараах тавдугаар долоо хоногоос эхлэн долоо хоногт 8 цагаар, хичээлийн жилийн турш 224 цаг судална.
Монгол хэлний боловсролын стандартад “Нийгэм ахуйн янз бүрийн орчинд аман ба бичгийн хэлээр соёлтой, ухаалаг харилцах мэдлэг чадвартай, эх хэлнийхээ баялаг сайхныг амтлан бахархах төдийгүй түүнийг хөгжүүлэх цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино” хэмээн эх хэлний боловсролын зорилгыг тодорхойлсон бөгөөд энэхүү зорилгод хүрэх эхний гараа нь нэгдүгээр ангийн монгол хэлний сургалт болно. Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээл нь сурагчдын хэл яриаг хөгжүүлж, тэдэнд эх хэлээрээ уншиж, бичихэд зайлшгүй шаардлагатай суурь чадвар эзэмшүүлэх зорилготой. Тухайлбал, цагаан толгойн үсэгтэй танилцаж, үе холбон үг, өгүүлбэр уншиж, бичиж сурахын зэрэгцээ танил сэдвийн хүрээнд санаагаа илэрхийлэх ярих, хамтран ажиллах харилцаанд суралцах үйл ажиллагаа зонхилох болно.
Нэгдүгээр ангийн монгол хэлний сургалтын агуулга нь цагаан толгойн өмнөх үе, цагаан толгойн үндсэн үе, цагаан толгойн дараах үе гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Цагаан толгойн өмнөх ба дараах үеийн агуулгыг нэг нэг бүлэг сэдэв болгосон бол үндсэн үеийн агуулгыг үсгүүдийн ялгарах онцлог, ойролцоо шинжийг үндэслэн дөрвөн бүлэг сэдэвт хуваахыг зохистой гэж үзэв. Үндсэн эгшгээс (24) бусад бүлэг сэдэвт ойролцоогоор 40 цагийн ээлжит хичээл байхаар цагийг тэнцүү төлөвлөхийг зорив.
Бүлэг сэдвийг нэгж хичээлд хувааж, тусгайлан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх бөгөөд энэ нь холбогдох журамд зааснаар багшийн ажлыг хэмжиж үнэлэх нэгж ажил болно. Нэгж хичээлийн сэдвийг аймаг, нийслэлийн БСГ-аас үлгэрчилсэн байдлаар тогтоож өгөхөөр үнэлгээний шинэ журамд тусгасан байна.

Бүлэг сэдэв ба нэгж хичээлийн сэдэв
Улирал Нэгдүгээр улирал Хоёрдугаар улирал
Агуулга Цагаан толгойн өмнөх үе Цагаан толгойн үндсэн үе
Долоо хоног 5 6 7 8 9 1, 2, 3 4 5 6 7 8
Бүлэг сэдэв, цаг Цагаан толгойн өмнөх үе- 40 Үндсэн эгшиг -24 цаг Нэгдүгээр шатны гийгүүлэгч- 40 цаг
Нэгж хичээлийн дугаар 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Нэгж хичээлийн сэдэв Ангиараа Хөгжмлтэй аялал Манжин Үлгэр 2/3/4 Модны тус, Амьдрал Миний гар Сонирохлтой зураг, хэлний авиа а э и, айы о у ө ү м с р х в л н
ш

Нэгж хичээлийн цаг 8 4 4 8 8 4 4 4 4 4 3 3 3 3 4 4 4 4 4 4 8 8

Улирал Гуравдугаар улирал Дөрөвдүгээр улирал
Цагаан толгойн үндсэн үе Цагаан толгойн дараах үе
Долоо хоног 1 2 3 4 5 6 7 8
1
2 3 4 5 6 7
Бүлэг сэдэв Хоёрдугаар шатны гийгүүлэгч- 40 цаг Туслах эгшиг, тэмдэг үсэг ба онцгой гийгүүлэгч- 40 цаг Уншина даа, бичнэ дээ- 40 цаг
Нэгж хичээлийн дугаар 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30
31 1 2 3 4 5 6
Нэгж хичээлийн сэдэв г д т б ь Ц ч з
ж
я е ё ъ ю кп ф
щ Манайхан Би сурлаа Сайн үйл Амьтад Хавар Яагаад?
Нэгж хичээлийн цаг 8 4 4 4 4 4 4 4 8 4 4 4 4 4 4 4 6 6 6 6 8 8

Энэхүү төлөвлөлтөөс үзэхэд цагаан толгойн өмнөх хэсэгт 7, үндсэн хэсэгт 31, дараах хэсэгт 6 нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж байгаа нь ээлжит хичээл бүрээр төлөвлөлт (конспект) хийдэг байсантай харьцуулахад боловсруулах хөтөлбөрийн тоо нь цөөрч, агуулга нь томсож, нэгдмэл болсныг харуулж байна. Энэхүү төлөвлөлтийг хийхдээ 12 жилийн сургуулийн нэгдүгээр ангийн сурах бичгийн бүтэц, агуулгыг үндэс болгож, цагаан толгойн өмнөх ба дараах хэсгийн хичээлийг агуулгын ойролцоо байдлаар нь багцалж нэгж хичээл болгохоор төлөвлөв. Харин цагаан толгойн үндсэн үед авиа, үсэг бүрийг нэгж хичээлийн сэдэв гэж үзсэн. Хөтөлбөрийн агуулгыг ийнхүү бүтэцчилсэн нь багшийн ажлыг төлөвлөж, үнэлэх шинэ журамд илүү нийцнэ гэж үзсэнтэй холбоотой.
Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлээр цагаан толгойн авиа үсэг таниулах ажил өвөрмөц онцлогтой. Цагаан толгойн өмнөх ба дараах үеийн нэгж хичээлийн цагийг 5-8 цагаар төлөвлөж болох боловч нэг авиа, үсгийг дөрвөөс дээш цагаар төлөвлөхөд хөтөлбөр хугацаандаа багтахгүйд хүрнэ. Эсвэл, хэд хэдэн авиа, үсгийг нэгтгээд нэгж хичээл болгож болох боловч тус тусын онцлог, хэрэглэгдэхүүний хувьд ихээхэн ялгаатай учир бас бэрхшээл үүсэх болно. Иймд авиа, үсэг бүрийг нэгж хичээл болгон төлөвлөхийг зохистой гэж үзсэн бөгөөд үг, өгүүлбэр бүтээн унших боломжгүй үндсэн долоон эгшгийг таниулах нэгж хичээлд 3-4 цаг, гийгүүлэгчийг таниулахад дунджаар 4 цаг оноосон. Гэхдээ гийгүүлэгч бүрд ногдох цаг ижил биш. Тухайлбал, хоёр авиа тэмдэглэдэг “н”,”г” үсгийг таниулах нэгж хичээлд 4 цаг хангалтгүй бол цагаан толгойн төгсгөлд заах онцгой гийгүүлэгчийг хос хосоор нь нэгж хичээл болгож заахад энэ хугацаа бололцоотой. Энэ үед хүүхдийн уншиж, бичих чадвар харьцангуй сайн болсон байдаг. Мөн нэг ба хоёрдугаар шатны төгсгөлд “ш”,”ж” гийгүүлэгчийг таниулахад тус бүр 8 цаг оноосон нь эдгээр гийгүүлэгчийг нүдэлж, уншиж, бичихээс гадна тус тусын хамаарах бүлэг сэдвийг бататгах цаг гаргаж байгаатай холбоотой.
Үнэлгээний шинэ журамд зааснаар нэгж хичээлийн хүрээнд сурагчдын эзэмших чадварыг сургуулийн заах аргын нэгдэл тогтоохоор тусгасан байна. Ийнхүү нарийвчлан тодорхойлоход монгол хэлний хичээлээр сурагчдад эзэмшүүлэх ерөнхий чадварт суурилах хэрэг гарна.
Цагаан толгой таниулах үеүдэд дараах ерөнхий чадварыг энд үзүүллээ. Үүнд:

Цагаан толгойн өмнөх үед:
а) Уншиж сурахад бэлтгэх ажлын хүрээнд
• Зураг ажиглаж, ярих (дүрслэгдсэн зүйлийг нэрлэх, гадаад шинжийг нь тоочих, үйл явдлыг дарааллаар ярих)
• Багшийн уншиж болон ярьж өгсөн үлгэр, зохиолыг сонсож ойлгох, ойлгосноо харуулах
• Өөрт тохиолдсон болон үзсэн харсан, сонссон зүйлийн тухай ярих
• Шүлэг зохиолыг цээжлэх, уран тод унших
б) Бичиж сурахад бэлтгэх ажлын хүрээнд
• Үсэг бүтээдэг үндсэн зурлагыг нэрлэх, зурах (бичих)
• Зурлага хоорондын зайг тохируулах
• Цэг холбож, үсгийн дүрс үүсгэн бичих
• Хос шугамд зурсан хялбар дүрс, зургийг дуурайж зурах
в) Хэлний зүйн ойлголт эзэмшүүлэх ажлын хүрээнд
• Үг, өгүүлбэрийг ялгах (өгүүлбэр үгээс, үлгэр (эх) өгүүлбэрээс бүтдэг)
• Үг, үеийг ялгах (үг үеэс бүтдэг)

Цагаан толгойн үндсэн үед:
• Үгийн бүтцээс тухайн авиаг ялгаж сонсох, байрыг тодорхойлох
• Тухайн авиаг зөв, тод хэлж сурах
• Тухайн авиа орсон үг хэллэгийг олж хэлэх
• Тухайн авиаг тэмдэглэж байгаа үсгийг ялгаж таних, нэрлэх
• Тухайн үсгийн дүрсийг бусад үсэг, бодит юмтай харьцуулах, олж нэрлэх
• Дармал ба бичмэл үсгийг харьцуулах, үсгийг нүдэлж тогтоох
• Гийгүүлэгч үсгийг богино, урт, хос эгшиг үсэгтэй холбон унших
• Үе холбон үг, өгүүлбэр унших, уншиж ойлгосноо харуулах
• Дэвтрийн хос шугам баримжаалан том, жижиг үсэг, үе, үг, өгүүлбэр бичих
• Дармалаас хуулж бичмэлээр бичих
• Эгшиг ба гийгүүлэгч үсгийг ялгах, тэдгээрийг тэмдэглэсэн бүдүүвчийг ойлгох
• Богино, урт, хос гийгүүлэгчийн хэлэгдэх ялгааг ажиглах, тайлбарлах
• Үгийн үе, үг, өгүүлбэр, эхийг хэмжээгээр нь ялгах

Цагаан толгойн дараах үед:
• Уншиж сурснаа бусдад харуулах (зөв, хурдан, ухаарч, тод)
• Уншсанаа бусдад ярьж тайлбарлах (зөв, ойлгомжтой)
• Эгшиг ба гийгүүлэгч үсгийг ялгах, бүлэглэх
• Өгүүлбэрээс нэрлэсэн үгийг олох, тайлбарлах, асуулт тавих (хэн?, юу?, ямар?, хэд?, яав? г.м)
• Ярихдаа үгийг үндсэн утгаар нь хэрэглэх, зарим үгийн эсрэг утгыг олох
• Өгүүлбэр зохиох (зураг ба тулгуур үг ашиглах, үгсийг байрлуулах)
• Өгүүлбэрт үг нэмж, хасах
• Үг хэллэг, богино өгүүлбэрийг хуулж бичих, нүдэлж бичих, сонсож бичих
• Зураг ажиглаж, 3-4 өгүүлбэр бүхий эх зохион ярьж, бичих

2. НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ
Үнэлгээний шинэ журмаар нэгдүгээр ангийн сурагчийг стандарт бусаар үнэлэх бөгөөд багш нэгж хичээлийн явцад сурагчийн эзэмшсэн чадварын өөрчлөлтийг ажиглаж, тэмдэглэл хөтлөх болж байна. Нэгж хичээлээр сурагчдад эзэмшүүлэх чадварыг сургуулийн заах аргын нэгдлээс тодорхойлох бөгөөд багш эдгээр чадварыг журналын “чадварууд” гэсэн багананд бичиж тэмдэглэнэ.

Нэгж хичээлийн хүрээнд сурагчдын эзэмших чадварыг хэрхэн тодорхойлохыг “Нн” авиа, үсэг таниулах нэгж хичээлээр жишээ болгон үзүүлье.

Монгол хэлний “н” үсэг нь хэлний үзүүр оролцон хэлэгддэг “н”, хэлний угаар хэлэгддэг “н” гэсэн хоёр авиаг тэмдэглэдэг онцлогтой үсэг бөгөөд хүүхдэд ойлгуулахад харьцангуй төвөгтэй байдаг тул жишээ болгон сонголоо. Хэлний үзүүрийн “н” авиа нь эгшиг авиатай нийлж, “на, нэ, ни, но, ну, нө, нү” гэсэн задгай үеийг бүтээдэг бол үгийн эцэст орсон “н” авиаг ард нь а, э, ө, ү, үсэг бичиж ялгадаг дүрэмтэй бөгөөд энэхүү ялгаж байгаа эгшгийг уншихгүй орхиж хэлдэг онцлогтой. Харин хэлний угийн “н” нь эгшиг авиатай нийлж задгай үе бүтээдэггүй онцлогтой. Ийм ялгаатай хоёр авиаг “н” гэсэн нэг үсгээр тэмдэглэдэг тул багш нар бусад гийгүүлэгч заадгаас илүү нухацтай хандах шаардлага гарна.

“Н,н авиа, үсэг” нэгж хичээлээр сурагчдад эзэмшүүлэх чадвар:

1. Үгийн бүтцээс “н” авиаг ялгаж сонсох, хэлэх, (зөвхөн хэлний үзүүрийн “н” авиа байна)
2. Үе, үг, өгүүлбэр уншихдаа “н” үсгийг таних, холбож унших, зөв дуудах
3. Том, жижиг “н” үсгийг бичихдээ тогтоосон дарааллын дагуу бичих
4. Хэлний угийн “н” авиаг ялгаж сонсох, хэлэх, унших
5. Хэлний үзүүрийн ба угийн “н” авиа бүхий үгсийг ялгаж унших
6. Үгийн эхэн, дунд адагт “н” үсгийг зөв холбон бичих

Эхлээд “хана” гэсэн үгээс зөвхөн хэлний үзүүрийг таниулж, үгийн задгай үеийг уншуулж сургасны дараа үгийн төгсгөлийн “наана, нээнэ, нөөнө” гэх мэтээр үгийн эцсийн эгшгийг хэлэхгүй уншуулж сургана. Ийнхүү хэлний үзүүрийн “н” авиатай үгийг уншдаг болсны дараа “хун” гэдэг үгээс хэлний угаар хамжин хэлэгддэг “н” авиаг таниулж, уншуулж сургана. Дараа нь энэ хоёр авиатай үгийг харьцуулан унших дасгал хийлгэвэл зохино. Жишээ нь:

сан - сана он- оно хон (хэрээ)- хоно саван- савна Онон- ононо эн (даавууны)- энэ

Ийнхүү “н” үсгийг таниулахдаа “хэлний үзүүрийн н”, “хэлний угийн н” гэсэн ойлголт, нэрлэлтийг зааж сургах гэж хүндрүүлэх шаардлагагүй. Харин сонгосон үг дэх “н” гийгүүлэгчийн ард эгшиг байгаа эсэх, эгшигтэй ба эгшиггүй тохиолдолд хэлэгдэх, сонсогдоход ялгаа байгаа эсэхийг ажиглуулах, ямар тохиолдолд яаж уншихыг харьцуулж нүдлүүлэх, өгүүлэх эрхтний оролцоог ажиглуулах гэх мэтээр аль болох практик талаас нь сургахыг эрхэмлэх хэрэгтэй.

3. НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД ЭЗЭМШСЭН ЧАДВАР ИЛРҮҮЛЭХ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ
Үнэлгээний шинэ журмаар нэгж хичээлийн хүрээнд сурагчдын эзэмших чадварыг эзэмшсэн бол багшийн журналд нэмэх тэмдэг (+)-ээр тэмдэглэх, харин тухайн чадварыг сурагч бүрэн эзэмшээгүй, эсвэл огт эзэмшээгүй байвал ямар нэг тэмдэглэгээ хийхгүй байхаар зохицуулсан байна.
Тухайн нэгж хичээлээр эзмших чадварууд тодорхойлохын зэрэгцээ тэдгээрийг хэр зэрэг эзэмшсэнийг илрүүлэх даалгаврыг боловсруулах шаардлага гарна.
Даалгавар нь ямар чадварыг илрүүлэх гэж байгаагаас хамаарч өөр өөр хэлбэртэй байж болно. Жишээ нь, хэлний авиаг ялгаж сонсох чадварыг тухайн авиа үгийн хаана сонсогдож (хэлэгдэж) байгааг олох, эсвэл хэд хэдэн зургийг нэрлэж, тэдгээрээс уг авиа орсон үгийг олох, тухайн авиа орсон үгийг олж хэлэх гэх мэт хэд хэдэн хэлбэрээр илрүүлэх боломж байна. Ийнхүү тухайн чадварыг яаж илрүүлж болохыг тодорхойлсныг индикатор буюу илрүүлэгч гэж үзэх юм.

“Нн авиа, үсэг” нэгж хичээлээр сурагчдын эзэмших чадвар, илрүүлэгч ба даалгаврын жишээ

Зорилт Чадвар
Илрүүлэгч Илрүүлэх даалгаврын хэлбэр
Хэлний үзүүрийн ба угийн “н” авиаг ялгаж сонсох, хэлэх, “Нн” үсгийг нүдэлж, уншиж бичих Үгийн бүтцээс хэлний “н” авиаг ялгаж сонсох, хэлэх a) “н” авиа үгийн хаана хэлэгдэж байгааг тодорхойлох
b) Өгсөн зургийг нэрлэж, “н” авиатай үгийг олох
c) “н” авиа орсон үгийг олж хэлэх Хувилбар 1: Зургийг нэрлэ. “Н” авиа үгийн аль үед байгааг олж будаарай.





Хувилбар 2: Сонсоод “н” авиа үгийн хаана хэлэгдэж байгааг хэлээрэй. (Багш уншиж өгнө)

Норов, наадам, Соном, нүүдэл, үнэг, үнээ, санана
Үе, үг, өгүүлбэр уншихдаа “н” үсгийг таних, холбож унших
a) Ямар нэг бичвэрээс “н” үсгийг олох
“н” үсэгтэй төстэй юмыг олж нэрлэх
b) Дармал ба бичмэл “н” үсгийг ялгах
c) “н” үсгийг эгшгээр амилуулж унших
d) “н” үсэг орсон үе, үг, өгүүлбэр унших Дараах эхийг уншаарай.

Ном
Соном Норов 2 ном авав. Энэ Сономын ном. Сономын ном ховор ном. Энэ Норовын ном. Норовын ном их сонин.

Том, жижиг “н” үсэг, үе, үг хэллэгийг хичээнгүй бичих
a) Дэвтрийн шугам баримжаалж, том, жижиг “н” үсэг бичих
b) “н” үсэг орсон үе, үг, холбоо үгийг бичих
Бичээрэй.

н, на, нэ, ни, но, ну, нө, нү
На, Нэ, Ни, Но, Ну, Нө, Нү

Хэлний угийн “н” авиаг ялгаж сонсох, хэлэх, унших a) Хэлний угийн “н” авиа үгийн хаана хэлэгдэж байгааг тодорхойлох
b) Хэлний угийн “н” авиа орсон үгийг олж хэлэх
c) Зургийг нэрлэж, хэлний угийн “н” авиатай үгийг олох
d) Хэлний үзүүрийн ба угийн “н” авиа орсон үгийг сонсоод ялгах
e) Хэлний үзүүрийн ба угийн “н” авиаг хэлэгдэх ялгааг ажиглах, ялгаж хэлэх
Хувилбар 1: Сонсоод “н” авиа үгийн хаана хэлэгдэж байгааг хэлээрэй. (Багш уншиж өгнө)


хаан, заан, арслан, сандал, үндэс, Монгол


Хэлний үзүүрийн ба угийн “н” авиа бүхий үгсийг ялгаж унших, нүдлэх
a) Уншихдаа хэлний үзүүрийн ба угийн “н” авиаг ялгаж унших
b) “н” үсгийг эгшгээр амилуулж унших
c) “н” үсэг орсон үе, үг, өгүүлбэр унших Хувилбар 1: Дараах хос үгсийг харьцуулан унш.
сана - сан хоно- хон
оно- он энэ- эн

Хувилбар 2: Хос үгийн аль нь зурагт тохирох вэ?




Ийнхүү нэгж хичээлийн хүрээнд чадвар илрүүлэх даалгаврыг тухайн нэгж хичээлийн зорилго, чадвар, илрүүлэгчийн хамт хүснэгтээр үзүүлсэн нь эдгээрийн хоорондын уялдаа холбоог харуулах гэсэнтэй холбоотой.

Нэгж хичээлийн хүрээний чадварыг илрүүлэхдээ шалгалт хэлбэрээр тусгайлан зохион байгуулахын оронд ээлжит хичээлийн явцад түүний нэг үйл ажиллагаа болгон зохион байгуулж, гүйцэтгэлийг нь хувьдаа тэмдэглэж явах нь зохистой. Энэ нь нэгж хичээлээр сурагчдын чадвар эзэмшилтийг журналд тэмдэглэх гол үндэслэл болно.

Багшийн хувийн тэмдэглэл хийх загвар

Чадвар





Сурагчийн
нэр Үгийн бүтцээс хэлний “н” авиаг ялгаж сонсох, хэлэх Журналд Үе, үг, өгүүлбэр уншихдаа “н” үсгийг таних, холбож унших Журналд Том, жижиг “н” үсэг, үе, үг хэллэгийг хичээнгүй бичих Журналд Хэлний угийн “н” авиаг ялгаж сонсох, хэлэх, унших Журналд Хэлний үзүүрийн ба угийн “н” авиа бүхий үгсийг нүдлэх, ялгаж унших, Журналд
Илрүүлэгч a b c a b c d a b a b c d f a b C c
Х. Цэцгээ
Б. Наранцэцэг
.........





Багшийн журналын ирцийн тэмдэглээ хийдэг хуудасны арын хуудаст багшийн заасан хичээлийн сэдэв, тэмдэглэл бичдэг уламжлал хэвээр боловч зарим нэг өөрчлөлт орсон. Тухайлбал “Ээлжит хичээл” гэсэн багананд тухайн хичээлийн үндсэн үйл ажиллагааг бичих бол “Тэмдэглэл” гэсэн хэсэгт тухайн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийн хувьд цаашид анхаармаар санагдсан асуудлыг тэмдэглэнэ. Энэ нь багш заасан хичээлдээ үнэлгээ өгч, түүнийгээ тэмдэглэж байгаа хэрэг болно.

№ Нэгж хичээлийн сэдэв Огноо Ээлжит хичээл Тэмдэглэл
Үндсэн үйл ажиллагаа
Н,н авиа, үсэг I/20 Хэлний үзүүрийн “н” авиаг таниулах
I/20 “н” үсгийг унших, бичих
I/21 Унших бичих дадлага
I/21 Хэлний угийн “н” авиа таниулах Хүүхдүүд хоёр “н” авиаг ялгаж сонсож чадахгүй байна.
I/22 Унших бичих дадлага
I/22 Хэлний угийн ба үзүүрийн “н” авиаг ялган унших дадлага
I/21 Хэлний угийн ба үзүүрийн “н” авиаг ялган унших дадлага
I/21 Унших бичих дадлага







о О о

No comments:

Post a Comment