Tuesday, May 17, 2011

Íýãæ õºòºëáºð áîëîâñðóóëàõàä àíõààðàõ ç¿éë

Хамрах хүрээг тодорхойлохдоо:
• Боловсролын түвшин, ангийг тодорхойлсон байх
• Тухайн насны суралцагчид болон ангийн хөгжлийн түвшин, онцлогийг тодорхойлсон байх
• Суралцагчдын өмнөх төсөөллийг судалж тодорхойлсон байх
Сургалтын хөтөлбөрийг чанартай сайн боловсруулахын урьдчилсан нөхцөл нь тухайн хөтөлбөрөөр хичээллэх гэж байгаа суралцагчдын өмнөх төсөөлөл (амьдралаас олж авсан мэдлэг, чадвар, туршлага)-ийг судлах явдал юм. Түүнчлэн хамтарч ажиллах суралцагчид, хамт олны хөгжлийн түвшин, онцлогт нийцүүлэн хөтөлбөрийн агуулга, арга зүйгээ боловсруулна.
Иймээс хамрах хүрээ хэсгийг томьёолохдоо зөвхөн анги бичих нь шаардлагад нийцэхгүй бөгөөд суралцагчдын нас сэтгэхүйн онцлог, өмнөх төсөөллийг тодорхойлсон байна.

Хэрэгцээг тодорхойлохдоо:
• Суурь хэрэгцээг тодорхойлсон байх
• Танин мэдэхүйн хэрэгцээг тодорхойлсон байх
Суралцагчийн хөгжих ба тасралтгүй суралцах, хийж бүтээх, нийгэмшин иргэнших хэрэгцээг хангахад сургалтын хөтөлбөр чиглэгдсэн байх учиртай.
Хүний хөгжлийн хэрэгцээг хамгийн товчхоноор оршин байх (бие махбодын), мэдэх бүтээх (оюун ухааны), нийгэмших харилцаанд суралцах хэрэгцээ гэж хураангуйлан тодорхойлж болох бөгөөд дараах шалгууруудаар багш тухайн хичээлийн хөтөлбөртөө тохирохыг сонгон тусгах шаардлагатай байдаг. Үүнд:
Бие бялдар, эрүүл мэндийн хөгжлийн шалгуурууд: Сэтгэл зүйн болон бие махбодын сэтгэл ханамж, хөдөлгөөнт байдал, биеийн хөдөлгөөний хөгжил-булчингийн ба гарын сарвууны хөгжил, хөдөлгөөний шинж чанар-эвсэл г.м
Оюуны хөгжлийн шалгуурууд: Хэл ярианы-ярих, бичих, сонсох, ойлгох, асуулт тавих, асуудал шийдвэрлэх, зурах, дуурайлгах, урлах, чимэглэх, зохион бүтээх гэх мэт чадвар)
Нийгэмшлийн шалгуурууд: Өөртөө итгэлтэй байх, харилцаа, харилцаа тогтоох, сэтгэл хөдлөлөө хянах, шийдвэр гаргах, төлөвлөх, сэтгэлийн таагүй байдлын зохицуулалт, бусдыг ойлгох, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх гэх мэт чадвар)
Тиймээс хөтөлбөрийн хэрэгцээ гэсэн хэсгийг томьёолон төлөвлөхдөө дээрх санааг тусгасан байна.

Хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байдал:
Цогц чадамжид хувь нэмэр оруулах байдлаар томьёолсон байх

Боловсролын стандартад сургалтын зорилго, зорилтыг тухайн шинжлэх ухааны судлагдахууны тогтолцоонд суурилан сурагчдын үйл ажиллагаар дамжуулан суралцагчдад мэдэх, бүтээх, амьдрах, нийгэмших аргыг эзэмшүүлэхэд оршино гэж томьёолсон байна. Бүлэг сэдвийн хөтөлбөрийн зорилго нь бүхэллэг байдлаар нэг өгүүлбэрээр томьёологдсон байх ёстой. Тухайлбал, цагаан толгойн 2-р шатны гийгүүлэгчийг таниулах бүлэг сэдвийн хөтөлбөрийн зорилгыг Хүүхдийн үгийн нөөцийг нэмэгдүүлэн хэл яриаг хөгжүүлж, унших, бичих үйлийн баримжаа эзэмшүүлэн хөгжүүлэх гэж тодорхойлсон нь унших, бичих үйлийн баримжаа эзэмшүүлэн хөгжүүлэх нь К3-ийг төлөвшүүлэхэд, хүүхдийн үгийн нөөцийг нэмэгдүүлэн хэл яриаг хөгжүүлэх гэдэг нь К1-ийг төлөвшүүлэхэд хувь нэмэр үзүүлнэ гэсэн үг юм.
Цогц чадамжуудаа дараалуулан жагсаан бичсэн эсвэл цагаан толгойн 2-р шатны гийгүүлэгчийг таниулах зэргээр зөвхөн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдсэн зорилгыг томьёолсон байх нь хангалтгүй юм.
Мөн ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаа нь хичээлийнхээ зорилго, зорилтыг оновчтой тодорхойлохоос эхэлдэг бөгөөд хичээлийнхээ зорилгыг хүүхдүүд өөрсдөө ойлгож ухаарсан, түүнийг дэвшүүлэхэд тэдний оролцоог хангасан байх хэрэгтэй. Нэгж хичээлийн зорилго нь илүү нарийн дэс дараалалтай, энгийн, тодорхой мэдлэгийн холбоон дээр суурилсан байна. Олонхи багш зорилго дэвшүүлэхдээ хэлбэр тал дээр илүү анхаардаг нь алдаа болж харагддаг.


Хөтөлбөрийн зорилтыг тодорхойлсон байдал:
• Цогц чадамжид баримжаалан үнэлэгдэхүйц байдлаар томьёолсон байх
Хөтөлбөрийн зорилтыг янз бүрээр томьёолох хандлага бий. Зорилт нь зорилгод хүрэх алхам гэж үзээд хичээлийн үйл явцад хийх үйлийг дараалуулан бичих, эсвэл, суралцагчдад эзэмшүүлэх чадварын жагсаалт хэлбэрээр бичих тохиолдол бий. Хөтөлбөрийн зорилт хэсэг хамгийн чухал хэсэг бөгөөд үнэлгээтэй ихээхэн хамааралтай. Тиймээс зорилт нь хэмжигдэхүйц байдлаар тодорхойлогдсон байвал зохино. Тухайн хөтөлбөрөөр хичээллэсний дараа суралцагч юуг яаж хийж чаддаг болсон байх нь зорилтоор илэрхийлэгдэнэ. Зорилтоор тодорхойлсон үр дүндээ ямар түвшинд хүрсэн байх вэ? гэдгээр хөтөлбөрийн чанар хэмжигдэж болох талтай. Жишээ нь: Цагаан толгойн 2-р шатны гийгүүлэгч авиаг таниулах бүлэг сэдвийн хөтөлбөрийн зорилт нь:
1. Үндсэн эгшиг авиаг үгийн бүтцээс ялгаж сонсох, зөв дуудах, тэдгээрийг унших, бичих үйлийн баримжаа эзэмших
2. Удаан хэлэгддэг гийгүүлэгч авиануудыг үгийн бүтцээс ялгаж сонсох, зөв дуудах, тэдгээрийг унших, бичих үйлийн баримжаа эзэмших
3. Түргэн хэлэгддэг болон зөөлөрсөн гийгүүлэгч авиаг үгийн бүтцээс ялгаж сонсох, зөв дуудах, тэдгээрийг унших, бичих үйлийн баримжаа эзэмших
4. Туслах эгшиг, онцгой дөрвөн гийгүүлэгч үсэг, хатуугийн тэмдгийг унших бичих үйлийн баримжаа эзэмших
5. Сурагчдын хэл ярианы болон унших бичих чадварыг хөгжүүлэх
Зорилго, зорилтоо хэт хийсвэр үл биелэгдэх байдлаар тодорхойлбол тухайн хөтөлбөр хэрэгжих боломжгүй төдийгүй, зөвхөн цаасан дээр л үлдэх болно.

Хөтөлбөрийн агуулгыг сонгосон байдал:
• Бүлгийн зорилго, зорилтод баримжаалан мэдлэг болон ур ухааныг тодорхойлсон байх
Боловсролын стандартыг хэрэгжүүлэгч хөтөлбөрийн агуулга нь суралцагчийн бие бялдар, нас сэтгэхүй, танин мэдэхүйн хөгжлийн хэрэгцээнд тулгуурласан, тухайн шинжлэх ухааны хэл, судлах аргад суурилсан, суралцагчийн эзэмших мэдлэг чадвар нь хэрэглээ болохоор томьёологдсон байна. Харин стандартад томьёолсон мэдлэг чадварын жагсаалт хэлбэрээр эсвэл мэдлэг эзэмшүүлэх хэлбэрээр томьёолсон байх нь хангалтгүй. Тухайн хичээлийн зорилгод хүрэх суралцагчдын мэдлэг бүтээх үйл ажиллагаа, тэрхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх багшийн дидактик шийдэл нь хичээлийн агуулга болон хувирч, хөгжиж байдаг гэж үзэх хэрэгтэй. Энэ бол агуулгын тогтолцооны сонголтыг хийх үндэслэл мөн. Агуулгыг сонгоно гэдэг нь мэдэхүйн цогц чадамжийн төлөвшилд хувь нэмрээ оруулах үндсэн мэдлэгүүд (бас чадварууд)-ийг тодорхойлно гэсэн үг.


Хөтөлбөрийн арга зүйгээ боловсруулсан байдал:
• Хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын оновчтой аргуудыг сонгосон байх
• Аргуудыг хэрэглэх дидактик шийдлүүдийг хичээл тус бүрт боловсруулсан байх
Боловсролын стандартын арга зүйн хөгжлийн үндэс гэсэн хэсэгт байгаа зарчмуудын санааг хөтөлбөрт буулгаж хэрэглэсэн байх шаардлага тавигддаг. Тухайлбал, сурахуй, сургахуй, боломжийг тэнцүү олгох гэх мэтчилэн багш суралцагчийн хамтарсан үйл ажиллагааг оновчтой, зүй зохистой, бодитой хэрэгжихүйц байдлаар тодорхойлон мэдлэг дамжуулах хандлагаас мэдлэг бүтээлгэх хандлагад чиглэсэн арга зүйг боловсруулах нь чухал юм. Аргын төлөвлөлт нь хөтөлбөр боловсруулах хамгийн чухал үйл ажиллагаа бөгөөд зарим хөтөлбөрийн энэ хэсэгт цөөн хэдэн бүтээлч аргыг дурдах төдийгөөр жагсаах нь хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан мөн. Хөтөлбөрийн аль ч хэсгийг томьёолоход багшаас арга зүйн ихээхэн мэдлэг, чадвар, туршлагыг шаардана.

Хэрэглэгдэхүүнээ сонгож, боловсруулсан байдал:
• Суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх
• Хэрэглэгдэхүүний шаардлага хангасан, хүртээмжтэй байх
• Хэрэглэдэхүүнээ ашиглах аргаа боловсруулсан байх
Хэрэглэгдэхүүнийг нэлээд өргөн хүрээнд авч үзсэнээр сурах, сургах орчин бүрдүүлэх боломж бий болно. Аль ч хичээлийн бүлэг сэдвийн хөтөлбөрийг төлөвлөн боловсруулахдаа материаллаг болон сэтгэл зүйн тааламжтай орчныг бүрдүүлснээр хөтөлбөр бодит амьдралд нийцэж, хэрэгжих боломжтой. Бид хэрэглэгдэхүүн гэхлээр сурах бичиг самбар шохой төдийхнөөр явцуу хүрээнд ойлгох нь бий. Хамгийн энгийнээр бодоход л тарааж өгөх материалын хүртээмж, үзүүлэн таниулах материалын эрүүл ахуйн шаардлага хангасан байдал зэрэг асуудлыг хамруулан ойлгож болох юм. Ялангуяа орчин үеийн мэдээлэл технологийг ашиглах замаар хэрэглэгдэхүүнээ бүрдүүлэх, орчны шаардлагыг хангах, түүнчлэн сонгосон хэрэглэгдэхүүнээ хэрхэн хэрэглэж ашиглах талаар тодорхой бичсэн байх хэрэгтэй.
Цагаан толгойн үед авиа үсэг таниулахад хэрэглэж болох гар доорх энгийн зүйлсээс дурдвал: математикийн хичээлдээ хэрэглэж буй тооллын материалууд, утас, тод том үсэгтэй хүүхдийн ном, олон өнгийн хатуу цаасаар хайчилсан хэрчмэл үсгүүд, талууд дээрээ үзсэн үсгүүд эсвэл тэдгээр үсгүүд орсон зураг зураг бүхий шоо, бичмэл тараах материал, будах зураг, үг бүтээх ижил өнгө хэмжээ бүхий хэрчмэл үсэг

Үнэлгээг боловсруулсан байдал:
• Үнэлгээ зорилго, зорилттой нийцсэн байх
• Үнэлгээний арга, хэлбэрийг тодорхойлсон байх
• Суралцагчдын танин мэдэхүйн түвшинд тохирсон даалгавар боловсруулсан байх
• Үнэлгээний даалгаврыг хэмжээсжүүлэн үнэлэх аргачлалаа боловсруулсан байх
Тухайн хөтөлбөрийн зорилго, зорилт үнэлэгдэхүйц, хэмжигдэхүйц байх талаар өмнө дурдагдсан. Үнэлгээний хэсэгт тэрхүү зорилго, зорилтоор томьёологдсон үр дүнд суралцагч бүр ямар түвшинд хүрэв гэдгийг танин мэдэхүйн түвшний шалгуурт нийцсэн даалгавраар илрүүлж болохоор тусгасан байвал зохино. Хөтөлбөрт үнэлгээний арга хэлбэрийг дурдах нь шаардлагад нийцэхгүй юм. Суралцагч бүрийн эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг бодитой илрүүлэхүйц даалгаврыг хөтөлбөрт зайлшгүй хавсаргаж өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл
1. Суралцагсдын мэдлэг чадварын төвшин дэвшүүлсэн зорилго,
зорилтуудад хүрсэн эсэхийг яаж мэдэх вэ?
2. Суралцагсдын ойлголт хэрхэн хөгжиж байгааг ямар баримтаар мэдэж
тооцох вэ?
3. Үнэлгээний тасралтгүй үргэлжилсэн байдлыг хэрхэн хангах вэ?
Үнэлгээ нь суралцагчийн сурах үйлийг дэмжсэн байх зорилгыг өөртөө агуулдаг бөгөөд суралцагчийн ахицын байдлыг багш хэрхэн үнэлэх аргачлалыг ч хөтөлбөрт тусгах шаардлагатай. Гэхдээ зөвхөн үнэлгээнд зориулан хийсэн багаж, даалгавруудын тусламжтайгаар л тэдний мэдлэг, чадварыг үнэлдэг гэсэн үг биш. Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа (хүүхдийн үйлдэл) бүрийг үнэлгээний обьект болгож, өөрийн болон бүлгийн үйлдлийн хамгийн зохистой хэсгүүдийг үнэлгээний илрэл, хэлбэр болгон харагдуулж, ингэснээрээ сурагчийн сэдэл, урмыг өдөөж чаддаг сайн багш байдаг шүү дээ.
Хөтөлбөрт үнэлгээг багш нар зөвхөн бүлэг сэдвийн төгсгөлд л ашиглахаар бодож, тест ихэнхдээ зөвхөн үнэлгээ хийх арга хэлбэрийг бичсэн байх нь элбэг. Хэрвээ багш хичээл бүрийн төгсгөлд ямар нэг хэмжээгээр үнэлгээний жишиг даалгавар, шалгуур ашиглан, суралцагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн төвшингийн өөрчлөлтийг тогтоон, үр дүнгээ тооцож, хөтөлбөртөө хяналт тавьснаар эргээд хамрах хүрээ, хэрэгцээгээ зөв тодорхойлох, хэрэглэгдхүүнээ зөв сонгох, агуулга арга зүйгээ дахин сайжруулж энэ хэрээр хүүхдийн сонирхол хэрэгцээ, оролцоог дэмжигчийн байрнаас хандах, ур чадвараа хөгжүүлэх, хөтөлбөрөө сайжруулах нөхцөл бий болох талтай. Өөрөөр хэлбэл үнэлгээ цогц байж хөтөлбөрийн бусад элементүүд харилцан хамааралтай сайжирч байх учиртай.

No comments:

Post a Comment